Цаг үеийн мэдээ

Мал Аж Ахуйн алба

МАЛ АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА М.ДАШДУЛАМ: Төв аймагт зуншлага тааруугаас болж хадлан, тэжээл бэлтгэх боломжгүй нөхцөл үүслээ.

-Энэ жил манай орны нийт нутгаар зуншлага тааруу, долдугаар сар гарсаар Төв аймгийн нутгаар бороо орсон ч олон жилийн дунджаас харьцангуй бага орж байдал сайжирсангүй. Зарим нутгаар үе үе хүчтэй нөөлөг салхитай, хэт халалт зэрэг байгалийн аюултай үзэгдэл ойр ойрхон давтагдлаа. Өнөөдрийн байдлаар Төв нутгаар зуншлага ямар байна?

-Энэ жил аймгийн хэмжээнд 17 сум маш их гантай, долоон сум гантай, гурван сум гандуу гэсэн зэрэглэлтэй байна. Гандуу байгаагаас шалтгаалж ихэнх суманд малын тарга, хүч дунд ба дундаас доогуур байна. Үхрийн шар үс салаагүй, хонины ноос хөндийрөх нь удаашралтай байна. Дунд ба дундаас доогуур таргатай мал нийт малын 90,1 хувийг эзэлж байна.



-Төв аймаг малынхаа тоогоор улсдаа дээгүүр байр эзэлдэг. Энэ жил малын тоо хэд хүрэв?

-Төв аймаг малын тоогоор улсдаа гуравт эрэмбэлэгддэг. Аймгийн хэмжээнд 11 мянга 200 гаруй малчин өрхийн 4,7 сая мал байна. Үүн дээр энэ жил төллөх насны нийт хээлтэгчийн 80,5 хувь буюу 1,7 сая толгой мал төллөж, нийт 6,4 сая толгой мал зусаж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 49 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон. Үүнээс Цээл, Архуст, Өндөрширээт, Эрдэнэ, Эрдэнэсант зэрэг таван суманд өнгөрсөн өвөл зудтай, хавар бэлчээрийн гарц тааруу байснаас малын зүй бус хорогдол илүү өндөр байсан.

-Бэлчээрийн даацын асуудал жил бүр яригддаг. Энэ жилийн бэлчээрийн даац ямар байгаа вэ?

-Хонин толгойд шилжүүлснээр манай аймагт 5,2 сая га бэлчээрийн талбайд 4,3 сая толгой мал өвөлжиж хаваржих боломжтой.  Гэвч сүүлийн үед бэлчээрийн даац хэтрэлтэй байх болсон. Өнөөдрийн байдлаар зарим суманд бэлчээрийн даац хоёроос тав дахин хэтрээд байна.

-Хүндхэн өвөл болох нь. Өвөлжилтийн бэлтгэлд хэрхэн анхаарч байна?

-Засгийн газрын 2017 оны 186 тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээлийг бэлтгэх бол сум бүр 100 тн өвс, 50 тэжээлийг бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд мал хамгаалах сангаас хөрөнгө зарцуулж 70 тонн тэжээлийг нөөцлөөд байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тал хээрийн 10 сумдад тус бүр 10 тн тэжээлийг нөөцлүүлээд байна. Уг ажлуудад Мал хамгаалах сан болон аймгийн Засаг даргын нөөцөөс нийт 30 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

-Энэ жил хэдий хэмжээний хадлан тэжээл бэлтгэхээр байна? 

-Аймгийн Засаг даргын захирамжаар энэ жил 126,9 мянган тонн хадлан, 33,8 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөт албан даалгавартай. Гэвч энэ жил хуурай гандуу, бэлчээрийн гарц муу, ургамал тачир буюу өвсний өндөр 2-8 см байгаагаас хадлан, тэжээл бэлтгэх боломжгүй байдал үүсээд байна. Иймд Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт хадлан тэжээл бэлтгэх хүсэлтийг одооноос хүргүүлээд байна. Мөн саяхнаас Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Төв аймгийн Баяндэлгэр сум нэг мянган га талбайд хадлан бэлтгэх талаар гэрээ байгуулаад байна. Энэ сард бороо гайгүй орвол жаахан тэжээл бэлтгэж авна. Энэ дагуу бид өнгөрсөн сарын 21-нээс ирэх сарын 21 хүртэл “Бүх нийтийн гар тэжээл бэлтгэх хоёр сарын аян”-ыг өрнүүлж байна. Малчид өөрсдийн гарын доорх материал ашиглаад гар тэжээл бэлтгэх зөвлөмж зааврыг бүх сумдад хүргүүлж ажиллаж байна.

-Отрын бүс нутагт энэ жил хэчнээн мянган мал өвөлжих вэ?

-Төв аймаг бэлчээр даац хэтрэлтэй аймагт ордог. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан адууг жил бүр алсын оторт гардаг. Өнгөрсөн жил хонин толгойд шилжүүлснээр 8,6 сая толгой мал аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж, хаваржсан. Өнөөдрийн байдлаар аймаг дундын отрын бүс нутагт нийт 100 гаруй өрхийн 80 гаруй мянган отроор зусаж байна. Алсын оторт энэ жил 11 сумын 145 мянган адуу, аймаг дундын отрын бүс нутагт 130 өрхийн 150 орчим мал өвөлжих талаар судалгааг сумдаас ирүүлээд байна. Цаашид цаг хүндэрч, өвөлжих малын тоо нэмэгдэх тохиолдолд аймаг дундын тусгай хамгаалалттай отрын бүс нутаг, улсын тусгай хэрэгцээний газруудаас ашиглахаар болж байна.

-Цаг үеийн байдалтай холбогдуулан малчдад ямар зөвлөмж, зөвлөгөөг өгч байна?

-Малчдад эртнээс өөрсдийнхөө малд тохирсон тэжээл, дулаан хувцас хашаа, эм, тарианы хангамж, хоол хүнсний хангалт зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангахыг анхааруулж байна. Мөн цаг хүндрэхээс өмнө малаа цөөлөх талаар зөвлөгөө өгч байна. Ер нь сайн муу холилдсон мянган малтай байснаас сайн чанарын 500 малтай байвал хүнд хэцүү цаг үеийг хохирол багатай давж гарах юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ТӨВ АЙМАГ ДАХ СЭТГҮҮЛЧ Т.ЕСҮХЭЙТӨМӨРТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГААС

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх